Хураангуй Судалгаагаар Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын үндсэн үүргийн гүйцэтгэлийн өөрийн үнэлгээ болон байгууллагын, хувь хүний хүчин зүйлсийн хоорондын статистик хамаарлыг тодорхойлов. Судалгааг хөндлөн огтлолын загвараар явуулж, хэмжүүрүүдийн дотоод нийцлийг Кронбахын альфа коэффициентоор үнэлэв. Хүчин зүйлсийн хамаарлыг Спирманы эрэмбийн хамаарлаар тодорхойлж, статистик ач холбогдлыг сэлгэлтийн шалгалтаар үнэлэн, олон удаагийн шалгалтын алдааг Холмын аргаар засварлав. Үндсэн үүргийн гүйцэтгэлийн өөрийн үнэлгээний дундаж 4.00 (SD = 0.62) байв. Гүйцэтгэлийн өөрийн үнэлгээ нь өөрийн чадварт итгэх итгэл (ρ = 0.741), багийн хамтын ажиллагаа (ρ = 0.550), цалин урамшууллын шударга байдал (ρ = 0.510), ажлын ачаалал ба амралтын хүрэлцээгүй байдал (ρ = 0.482), удирдлагын дэмжлэг (ρ = 0.421)-тэй Холмын засварын дараа статистикийн ач холбогдолтой эерэг хамааралтай байв. Харин техник хэрэгсэл, нөөцийн хүрэлцээ болон сургалт, мэргэжлийн хөгжлийн үзүүлэлтүүдтэй статистикийн ач холбогдолтой хамаарал илрээгүй. Эдгээр үр дүн нь алба хаагчдын үндсэн үүргийн гүйцэтгэлийн өөрийн үнэлгээ байгууллагын болон хувь хүний хүчин зүйлстэй харилцан адилгүй түвшинд хамааралтай байгааг харуулж байна.
job performance, emergency management personnel, self-efficacy, teamwork, compensation fairness, workload.