Энэхүү өгүүллээр цагдаагийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцооны эрх зүйн зохицуулалт, сүүлийн үеийн эрх зүйн шинэчлэл, түүний цагдаагийн байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судлав. Цагдаагийн алба нь тусгай чиг үүрэг, өндөр эрсдэл, сэтгэл зүй болон бие бялдрын ачаалал бүхий алба тул алба хаагчийн нийгмийн баталгааг хангах тогтолцоо нь мэргэшсэн боловсон хүчнийг байгууллагад тогтвортой хадгалах, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах чухал хүчин зүйл болдог. Энэ оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс цэргийн албан хаагчийн тэтгэврийн тогтолцоонд суурь тэтгэвэр нэвтрүүлэх, хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан хугацаанд нэмэгдэл тооцох зохицуулалт хэрэгжинэ. Энэ шинэчлэл алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулах эерэг ач холбогдолтой хэдий ч тэтгэвэр авах эрх үүссэн олон тооны алба хаагчийг нэг зэрэг тэтгэвэрт гарах шийдвэр рүү түлхэж, байгууллагад богино хугацаанд хүний нөөцийн хомсдол, үлдэж буй алба хаагчдын ажлын ачааллын нэмэгдэл, шинэ алба хаагчийг яаралтай нөхөн бэлтгэх шаардлага зэрэг эрсдэлийг үүсгэж болзошгүй юм. Иймд энэхүү судалгаагаар тэтгэвэр, тэтгэмжийн эрх зүйн шинэчлэл болон цагдаагийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалтын бодлогын уялдааг авч үзэж, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчдийн нөхөн хангах чадавх, шинэ алба хаагчийг дадлагажуулах хугацаа, туршлагатай алба хаагчид байгууллагаас гарахтай холбоотой институцийн мэдлэгийн алдагдал зэрэг асуудлыг судлав. Судалгааны үр дүнд тэтгэвэр, тэтгэмжийн бодлогыг хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлттэй уялдуулах, тэтгэвэрт гарах урсгалыг урьдчилан тооцоолох, ДХИС-ийн төгсөгчдийн тоо, мэргэжлийн бүтэц, байгууллагын сул орон тооны хэрэгцээг уялдуулах, туршлагатай алба хаагчдын мэдлэгийг залгамжлуулах механизм бий болгох шаардлагатай гэж дүгнэв.
police service, pension, human resources, workforce replacement, social security