Цахим мэдээлэл, автоматжуулсан зөвлөмж, байгууллагын мэдээллийн системийг албаны үйл ажиллагаанд ашиглах нь алба хаагчаас технологийн мэдлэг, ур чадвараас гадна гаргаж буй шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, ёс зүйн хариуцлагыг ухамсарлахыг шаарддаг. Энэхүү өгүүллийн зорилго нь албаны эхний жилүүдэд ажиллаж буй алба хаагчийн мэргэжлийн ёс зүй, эрх зүйн ухамсар, эх оронч үзэл төлөвшихөд технологийн орчны нөлөөллийг онолын түвшинд авч үзэж, тэдгээрийг хөгжүүлэх байгууллагын бодлогын чиглэлийг тодорхойлоход оршино. Судалгаанд холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн шинжилгээг мэргэжлийн нийгэмшил, байгууллагын шударга ёс, хувь хүн ба байгууллагын үнэт зүйлийн нийцлийн талаарх онолын судалгаатай уялдуулан авч үзсэн. Үүний үндсэн дээр мэдээллийн үнэн зөвийг нягтлах, албаны шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг тайлбарлах, хүний эрхийг хамгаалах мэргэжлийн зан үйлийг төлөвшүүлэх үзэл баримтлалын хүрээг санал болгож байна. Судлаачийн дэвшүүлсэн “гурван дархлаа” хэмээх ойлголт нь үнэт зүйлийн баримжаа, мэдээллийг шүүмжлэлтэй үнэлэх чадвар, мэргэжлийн хариуцлагын харилцан хамаарлыг илэрхийлэх бөгөөд үүнд тулгуурлан хөгжлийн үнэлгээний есөн чиглэл, албаны эхний таван жилийн хөгжлийн хөтөлбөрийн санал боловсруулсан. Эдгээр нь туршилт, эмпирик судалгаагаар хараахан баталгаажаагүй онол, арга зүйн болон бодлогын санал болно. Судалгааны үндсэн дүгнэлтээр эх оронч үзэл нь зөвхөн үзэл санааны үнэт зүйл бус, хууль дээдлэх, улс төрөөс ангид, төвийг сахисан байр суурь баримтлах, нийтийн ашиг сонирхол, хүний эрхийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагаагаар илрэх ёстой бөгөөд үүнийг төлөвшүүлэхэд байгууллагын удирдлага, сургалт, мэргэжлийн хөгжлийн тогтолцооны уялдаа чухал ач холбогдолтой. Өгүүллийн онол, арга зүйн хувь нэмэр нь мэргэжлийн үнэт зүйлийн хийсвэр ойлголтыг албаны шийдвэр, үйл ажиллагаанд ажиглаж, үнэлж болох зан үйлийн шалгууртай холбон тайлбарлахыг зорьсонд оршино.
Professional ethics, legal consciousness, patriotic values, technological environment, early-career law enforcement officers.